4/27/2010

Blogger.com ба Blogspot.com боомилогдсон тухай

Өчигдөр буюу 2009 оны 2-р сарын 17-н гэдэг өдөр Монголын интернетийн түүхэн дэхь нэгэн том бөгөөд даруухан хуудас болон тэмдэглэгдэх биз ээ. Юу гэвээс бүхэл бүтэн орон даяараа blogspot.com, blogger.com гэсэн домайнууд руу хандах эрхээ хаалгасан билээ. Өөрөөр хэлбэл энэ домайн бүхий вебүүд болон блогууд руу орж болохгүй байсан гэсэн үг. Гэвч энэхүү үйл явдлыг маш цөөхөн хүн мэдэж ядаж л өнөөдөр гэхэд өдөр тутмын мэдээний сайтууд болон сонингууд дээр энэ тухай дурдсан юм анзаарагдахгүй байгаа нь энэ явдлыг "даруухан" болгосон "сонин" тохиолдол.
Өчигдөр өглөө ажил дээрээ ирээд блог руугаа орох гэсэн чинь нэг л удаан байх юм. Тэгэхээр нь blogger.com -руу логин хийх гэж үзлээ. Бас л болдоггүй. blogger.com, blogspot.com гэсэн домайнтай хаягууд руу орж болдоггүй. Blogger.com дээр блогтой хэрнээ өөр домайн дээр блогууд нь байрладаг хүмүүсийн блог нь маш удаан ч гэсэн ачаалагдаж байв. Учрыг олохыг оролдоод үзвэл blogger.com дээрээс дуудагддаг js, css, файлууд нь холбогдохгүй байсан байна. Хэрвээ та blogger.com -н javascript-г блок хийсэн бол энэ блогууд руу орж үзэж болох байсан гэсэн үг.

Blogger.com арай систем сэрвэр энэ тэр нь доголдоод байгаа юм биш байгаа гэж бодоод web Proxy ашиглаж blogger.com болон blogspot.com -домайнтай вебүүд рүү орж шалгаж үзвэл зүгээр байх юм. Байршлаас шалтгаалж байж болох юм. Магадгүй ажлын интернетийн урсгалд blogger.com -г хаачихсан байж магадгүй гэж бодоод ажлаа үргэлжлүүлэн хийгээд энэ тухайд мартагнав.

Орой гэртээ хариад гэрээсээ блогууд руу орж үзэх гэтэл бас л болсонгүй. Тэгсэн нэг найз маань бас мэссэнжэрээр блогууд руу орж болж байна уу гэж асуув. Ер нь хаа сайгүй орж болохгүй байсан бололтой.

Маргааш нь буюу өнөөдөр ажил дээрээ ирээд шалгавал бас л таг. Хэд хэдэн хүмүүсээс учрыг лавлавал Монголын интернетийн гадаад гарц болсон Railcom -ын урсгалд blogger.com, blogspot.com гэсэн 2 домайныг блок хийсэн гэж хэлж байх юм.
blogger.com, blogspot.com руу ping цохиж шалгавал болж байх юм. Тэгсэн хэрнээ веб рүү нь хандаж болдоггүй.

Учир мэдэх нэгний хэлж байгаагаар ойрын үед алдар нэр нь цуурайтаад байсан http://ajaxmaa.blogspot.com гэж блог дээр Монголын томоохон компаниудын програмууд болон системийн цоорхойг ил гарган бичсэнээс болж зөвхөн http://ajaxmaa.blogspot.com гэдэг ганц блогийг хүмүүст уншуулахгүйн тулд бүхэл бүтэн blogspot.com blogger.com гэдэг 2 домайныг тэр чигт нь блок хийсэн байх юм. Арга нь болхи байгаа нь өрөвдөлтэй ч гэсэн иймэрхүү зүйл болгосон нь харамсалтай л юм.

Тэгээд энэхүү блок нь анзаарснаар өнөөдөр 10цаг 45 минутын алдад нээгдсэн бололтой юм.

Жижиг тэмдэглэгээ: Баттай мэдэхгүй ч таамаглаж байгаагаар маань бол:
1. blogger.com blogspot.com -руу ping илгээж хүлээж авч болж байсан.
2. blogger.com blogspot.com -руу огт холбогдохгүй биш холболтын хариу удаан ирж байна гэсэн алдаа гарч байсан. Тэгэхлээр Railcom-д DNS -н өөрчлөлт хийж блоклосон бололтой. Сайн мэдэх хүмүүс нь энэ тухай тайлбарлаж өгнө үү? :D
Харин өөрийн зүгээс өгүүлэх нэг зүйл нь blogger.com -руу шууд IP-аар нь хандсан бол орж болох магадлал байсан байна. Даанч "хориотой хоног"-т нь тэгэж амжсангүй. Ховор боломж туршиж үзэх тохиолдлыг алдсан байна шүү ;)

No comments:

Post a Comment